Сургалтын загвар аж ахуйг байгуулна

Сургалтын загвар аж ахуйг байгуулна

ХХААЯ, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран 2015-2017 онд Хөдөө аж ахуйн салбарын сургалтын бааз загвар аж ахуйг байгуулах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын Захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны хүмүүс байлцлаа. БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын санхүүжилтээр ХААҮШУОНТөв дээр хэрэгжиж буй “КОПИО-МОНГОЛ” төслийн хүрээнд 180 000 долларын төсөв бүхий энэхүү сургалт, туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн загвар төв байгуулагдснаар Монголын мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд тохиолдож буй аливаа бэрхшээлийг хөнгөвчлөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, үр тариа, төмс хүнсний ногоо болон тэжээлийн ургамлын шинэ сортуудыг туршиж нутагшуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, мэдээ, мэдээллээр хангах боломж бүрдэж байгаа юм.
Төслийн хүрээнд нийт 5 га усалгаатай хүнсний ногоо, тэжээлийн таримлын талбай болон 1 га өвөл, зуны хүлэмжийн аж ахуй, сургалтын байр ашиглалтад оруулж, жилдээ 500 гаруй салбарын мэргэжилтэн, ажилчдыг сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгоно.
Хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрлэгчид онолын мэдлэгт тулгуурлан, өөртөө зөв зохистой шийдвэр гаргах, мал, газрынхаа үр шимийг бүрэн ашиглах, амьдрах чадвараа дээшлүүлэх шаардлага тулгарч буй өнөө үед тохиолдож болох бэрхшээлийг хөнгөвчлөх, даван туулах, улмаар амьдрал, бизнесийн эрсдлээ багасгахад энэхүү загвар аж ахуй туслах болно.

Түгээх