Ховд аймгийн “Шилдэг эко малчин” шалгаруулна

Ховд аймгийн “Шилдэг эко малчин” шалгаруулна

Дөрвөн сая төгрөгийн шагналын сантай “Шилдэг эко малчин” шалгаруулах болзолт уралдааныг Ховд аймагт анх удаа зарлажээ.  

Тус уралдааныг Дэлхийн байгаль хамгаалах сан |WWF|, Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос санаачлан зохион байгуулж байна.

Ховд аймагт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн. Нийт газар нутгийн тодорхой хувь нь цөлжсөн болохыг 2019 онд судлаачид тогтоосон байна. Үүний шалтгаан нь малын тоо толгойн өсөлт, сүргийн бүтэц алдагдсан гэх мэт аж. Тиймээс энэхүү уралдаанаар дамжуулан аймаг, сум орон нутгийнхаа тогтвортой хөгжлийн элч малчин өрхийг шалгаруулах бөгөөд байгальд ээлтэй, малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан малчдын сайн туршлагыг олон нийтэд түгээх, нийгэмд эерэг хандлага бий болгохоор зорьж буй.    

Тус уралдаанд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг танилцуулбал,

-Мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө малладаг, Сүүлийн 2 жил дараалан нийт мал сүргийн 50-аас доошгүй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан.

-Жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн, отор нүүдэл хийдэг. Малын амьдын жин, ашиг шимийн үзүүлэлтээр стандарт, нормыг хангасан.  

-Ашиглагдахгүй байгаа алслагдсан бүсийн бэлчээрийг ашиглан отор нүүдэл хийж, малдаа тарга хүч авахуулсан. Сумын тухайн жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээр ашиглаж зөрчил гаргаагүй байх.

-Нийт малаа ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн. Бог малын хээлтүүлэгчийг мал үржүүлэг технологийн нэгжид шилжүүлсэн. Үржлийн малын удам гарвалын гэрчилгээг сумын хөдөө аж ахуйн тасгаас авсан байх.

-Малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол, бүрэн хамруулсан. Малын эрүүл мэндийн дэвтэр хөтөлдөг. Сүүлийн 3 жилд мал сүрэгт нь малын гоц халдварт болон халдварт өвчин гараагүй.

-Малчин өрхийн гишүүд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, малаа малын индексжүүлсэн даатгалд даатгуулсан байх.

-Малчин өрхийн малын тоо, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний дүнд үр хүүхэддээ тасалж өгсөн, бусдад бэлэглэсэн малыг тооцож бодно. 

-Шалгаруулалтад тодорхойлогдож байгаа малчин нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Бэлчээрээ сайжруулах, гар худаг гаргах, засах, булаг шанд хамгаалах үйл ажиллагаанд оролцсон байх. Тодорхой хөрөнгө санхүү зарцуулсан бол давуу тал болно.

-Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд заасан улирлын хуваарь, бэлчээр хариуцлагажуулах журам дагаж мөрдсөн байх гэжээ.

                                       Уралдааны үндсэн шалгаруулалт хоёр үе шаттай өрнөнө 

Энэхүү уралдаанд оролцох хүсэлтэй малчид материалаа энэ оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд сумын ЗДТГ-т ирүүлнэ. Сумаас томилогдсон ажлын хэсэг 3 малчин шалгаруулна. Улмаар сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн ажлын хэсэгт хүлээлгэн өгөх юм. 

Ингээд аймгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 02 дугаар сарын 9-14-нд сонгон шалгаруулалт хийж, Ховд аймгийн 17 сумаас ирүүлсэн 50 гаруй малчны материалаас “Шилдэг эко” нэг малчин өрхийг шалгаруулан шагнаж урамшуулах аж.

Зохион байгуулагчдын зүгээс Ховд аймгийн малчдыг энэхүү уралдаанд өргөнөөр оролцохыг уриалж байна. Мөн малчин өрхийн (эхнэр, нөхөр) товч анкет, ажлын үзүүлэлт, холбогдох газрын тодорхойлолт зэрэг бичиг баримт бүрдүүлэхийг зөвлөв.

Түгээх