• Home »
  • Мэдээ мэдээлэл »
  • Улсын онцгой коммисын “Шуурхай бүлэг” Аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
Улсын онцгой коммисын “Шуурхай бүлэг” Аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын онцгой коммисын “Шуурхай бүлэг” Аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцав. Тус газар нь мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газарт хүргүүлэн ажиллаж байгаа юм. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэдий ч орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, компьютер, техник хэрэгслээр хангах, мал эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд туулах чадвар сайн, ариутгал халдваргүйтгэлийн автомашин хэрэгтэй байгааг энэ үеэр Шуурхай бүлэгт уламжилсан. Асуудлыг сонссон Дэд сайд Ж.Сауле компьютер, техник хэрэгслээр хангах асуудлыг дэмжин ажиллахаа хэлээд, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өгөв.


Тухайлбал, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолын биелэлтэд хяналт тавих, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай нягт хамтран ажиллаж, өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд биелүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг мөрдөн ажиллахыг даалгалаа.

Мөн Төрийн албаны тухай хуулийг чанд баримтлан, төрийн албаны шатлан дэвших тогтолцоог удирдлага болгож, мэргэжлийн, туршлагатай хүнийг томилон ажиллуулах, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай зэрэг салбарын хууль тогтоомжоо сайтар судалж, мөрдөх нь зүйтэй гэв. Түүнчлэн төсвийн мөнгийг зориулалтын дагуу ашиглах, малын аливаа өвчний талаар нарийвчлан судлах, мэдээлэлтэй байх, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар ажлаа хоорондоо уялдуулахыг хүссэн юм.

Түгээх