МАЛ ЭМНЭЛГИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ БОЛЛОО

МАЛ ЭМНЭЛГИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ БОЛЛОО

Ховд аймагт бог малын мялзан өвчин гарч, улмаар зэрлэг амьтдад халдвар дамжин өвчлүүлж байгаатай холбогдуулан Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Ховд аймгийн ХХААГ-тай хамтран тус аймагт “ Шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчинтэй тэмцэх ба задлан шинжилгээ” сэдэвт 3 өдрийн сургалтыг 2017 оны 8 дугаар сарын 17-19-ны хооронд аймгийн мал эмнэлгийн лабораторийг түшиглэн зохион байгууллаа.
Сургалтанд тус аймгийн 16 сумын 16 малын эмч, мал эмнэлгийн албаны 5 мэргэжилтэн, Говь-Алтай аймгийн Дарви сумын малын эмч нийт 22 хүн оролцон суралцлаа.
02
03
Сургалтын сургагч багшаар Дэлхийн байгаль Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн мэргэжилтэн Матеу Прувот, Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн Д.Батчулуун, Ховд аймгийн МЭОАЦ-ийн лабораторийн эрхлэгч Б.Мөнхбаатар нар ажиллаж:
-Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх
– Халдвар хамгааллын хувцас өмсөх, тайлах дараалал, анхаарах асуудал
– Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчний өнөөгийн байдал
– Хурдавчилсан оношлуураар бог малын мялзан өвчнийг хээрийн нөхцөлд оношлох арга
– Бог малд иж бүрэн задлан шинжилгээ хийх арга сэдвүүдээр онолын мэдлэг олгож, оролцогч нэг бүрээр хонь ямаа зориудаар нядлуулж, эмгэг анатомын иж бүрэн задлан шинжилгээг тусгай бэлтгэсэн протоколын дагуу зааж сурган дадлага хийлгэж, бог малын мялзан болон бусад өвчний үед лабораторийн паталоги, вирусологи, бактериологи, бусад шинжилгээнд дээж хэрхэн авах, хадгалах, савлах, хаяглах, тээвэрлэн хүргүүлэх талаар нэгдсэн нарийн ойлголт өглөө.
Түүнчлэн зэрлэг амьтнаас дээж авах тусгай кодолсон бүртгэлийн хуудас, малчдаас авах асуумж судалгаа, задлан хийх протоколийг хэрхэн зөв бичих, бог малын мялзан өвчнийг газар дээр нь хээрийн нөхцөлд хурдавчилсэн тестээр хэрхэн оношлох аргыг зааж сургасны зэрэгцээ уг хөтөлбөрийн газраас 20 нэр төрлийн дуудлага үйлчилгээнд зориулсан тусгай хайрцаг бүхий задалгааны хөрөө, хутга, хямсаа, дээж авах сав, хувийн хамгаалах хэрэгсэл, маск, хормогч, паталогийн дээж авах бодис, хурдавчилсан оношлуур зэргийг оролцогч сумын эмч нарт өгсөн чухал ач холбогдол бүхий сургалт боллоо.
04
05
Энэхүү сургалтын бүх зардлыг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ээс хариуцан гаргаж, оролцогч бүр задлан хийх 17 малыг худалдан авч, оюуны болон биет хөрөнгө оруулалт хийлээ.
Энэхүү сургалтанд оролцогч малын эмч нар нь цаашдаа зэрлэг амьтны өвчлөл хорогдол гарсан тохиолдолд газар дээр нь задлан шинжилгээ хийж, хурдавчилсан оношлуураар оношлон дээжийг зохих журмын дагуу авч лабораторид цаг алдалгүй ирүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж ажиллах юм.
07
06

Түгээх